Гудамжинд, иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдан авахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
Тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг таслан зогсооход анхаарч байгаа бөгөөд валют арилжаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг СЗХ-нд мэдэгдэж, хамтран ажиллахыг тус байгууллагаас хүсэв.
Учир нь, энэ нь хуурамч валют авах, цаашилбал дам байдлаар хууль бус ажиллагааг дэмжсэн үйлдэл болох эрсдэлтэй. Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдийг валют солиулах бүрт хуруу уншигч төхөөрөмж ашиглаж мэдээллийг баталгаажуулах, төлбөрийн и-баримт олгох үүрэгтэй. Иргэдийн хувьд валют солиулах бүрт төлбөрийн баримт авснаар аливаа эрсдэлээс хамгаалуулах боломжтой.
СЗХ, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу байгаа эсэхийг нягталсан байна. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлөө давтахгүй байхыг анхааруулаад, нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээж, шалгуулахаар болжээ.