Уран бүтээлч, барималч А.Очирболд энэ сарын 5-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа.
Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад "заларсан" бол өөр нэг бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж буй.
Үүгээр зогсохгүй дэлхийн 100 гаруй орны 3000 орчим уран бүтээлч, барималчаас шалгарч ХБНГУ-д Бюделсдорф хотод уламжлал болсон “Норд Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд “Дэгрээ” нэртэй 21x17x3.2 метр хэмжээтэй төмөр баримлын инстоляц бүтээлээрээ оролцсон байна.
Энэхүү үзэсгэлэнг 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд А.Очирболд тасралтгүй таван жилийн турш тус тэмцээнд шалгарч, оролцсон байна.
Анх 2015 онд “Норд Арт” симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ “Норд Арт-2015 үзэгчдийн шагнал”-ыг хүртэж байсан бол “Дэгрээ” бүтээлээрээ үзэсгэлэнгийн дээд шагнал “Норд Арт-2019”-н эзнээр тодорсон байна.
1998 оноос хойш уран бүтээлээ туурвихдаа Чингис хаан, Чингисийн есөн өрлөг, Буур Жамьян, То ван, Цогт тайж зэрэг түүхэн хүмүүсийн хөшөө бүтээсэн нь одоо нийслэл хотод болон орон нутагт бий.
А.Очирболд зөвхөн нэг хэлбэр, өгүүлэмжид баригдалгүй маш сонирхолтой материалууд сонгон авч, цоо шинэ өгүүлэмжтэй бүтээл туурвидаг уран бүтээлч юм.