“Нийслэлийн орон сууцны корпораци” (НОСК) ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг ТУЗ” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 34.3 тэрбум төгрөгийн баталгаат үнэт цаасыг бүртгэх талаар СЗХ-ны ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн зах зээлд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болох аж. Мөн "COVID-19"-ийн цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдыг орон сууцжуулахтай холбоотой УИХ, Засгийн газрын бодлого хэрэгжинэ гэж үзэж буй аж.
Мөн дээрх үйл явдал нь цаашид түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагууд ирээдүйн мөнгөн урсалын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд гаргаж шаардлагатай санхүүжилтийг татах боломж, нөхцөл бий болох юм гэж СЗХ-ны мэдээнд дурджээ.
Хуралдаанаар мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2 компанид, “Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлийн журам”-ын хүрээнд 7 иргэн, 2 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.
Харин 3 ААН-ийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо. Мөн 2 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежентийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр түдгэлзүүлэв.