Европын Холбооны Сайд нарын Зөвлөл Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтын талаар пүрэв гарагт хэлэлцжээ. Энэхүү хэлэлцээгээр татварын бодлогын хүрээнд хийсэн шинэчлэлүүдийг харгалзан үзэж, Монгол Улс, Босни-Херцеговин Улсыг уг жагсаалтаас хасжээ. Харин Ангилья, Барбадосыг жагсаалтад шинээр оруулахаар шийдвэрлэсэн байна.
Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт нь дэлхийн улс орнуудад татварын бодлогыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах ЕХ-ны стратегийн нэгэн хэсэг юм. Үүнд татварын засаглалын талаар ЕХ-той бүтээлч яриа хэлэлцээ хийгээгүй, мөн татварын ил тод байдал, шударга татварын талаар бодитой шалгуурыг дагаж мөрдөх шинэчлэлийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй ЕХ-ны гишүүн бус орнуудыг оруулдаг юм.