АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээллийнхэн дунд “COVID-19” халдвар авсан хүний тоо нэмэгдэж, Цагаан ордны зөвлөх Стивен Миллер болон Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнаас халдвар илэрчээ.
С.Миллер сүүлийн таван хоногийн турш өөрийгөө тусгаарлаад байсан бөгөөд коронавирусээр халдварласнаа мягмар гарагт мэдэгдсэн байна.
Мөн Эргийн хамгаалалтын албаны Адмирал Чарльз Рэйгийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор Генерал Марк Милли тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдлагууд тусгаарлагджээ.
Бусад албан тушаалтны хувьд болгоомжлох үүднээс өөрсдийгөө тусгаарласан байна.
Генерал М.Милли өөрийгөө тусгаарлаад буй албан тушаалтнуудын дунд багтаж байна.
Адмирал Ч.Рэйтэй хамт өнгөрсөн долоо хоногт уулзалтад оролцсон хүмүүс тусгаарлагдаад байгаа боловч тэдний хэнээс нь ч халдвар юм уу шинж тэмдэг илрээгүй гэж Пентагон мэдээлжээ.
“Ч.Рэй хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Тэрбээр 10 орчим хоногийн өмнө Цагаан ордонд болсон үйл ажиллагаанд оролцсон хэдий ч яг хаана вирусээр халдварласан нь тодорхойгүй байна” гэж нэгэн төлөөлөгч “АР” агентлагт мэдээлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Д.Трамп болон Цагаан ордны хэд хэдэн төлөөлөгчөөс халдвар илэрсэн юм.
Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Ч.Рэйн шинжилгээний хариу даваа гарагт эерэг гарсан бөгөөд гэртээ өөрийгөө тусгаарлажээ. Мөн түүнтэй ойр байсан Эргийн хамгаалалтын бүх алба хаагч тусгаарлагдана гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.
Адмирал Ч.Рэйн шинжилгээний хариу эерэг гарахаас өмнө түүнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрчээ.
“CBS News” сувгийн мэдээлснээр, Ч.Рэйтэй хамт өнгөрсөн долоо хоногт уулзалтад оролцсон Штабын дарга нарын хорооны бараг бүх гишүүн тусгаарлагджээ. Штабын дарга нарын хороо нь АНУ-ын Ерөнхийлөгчид зөвлөдөг Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнуудаас бүрддэг юм.
“АНУ-ын Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг даалгаврын чадавхид ямар ч өөрчлөлт орохгүй. Зэвсэгт хүчний удирдлагууд үүрэгт ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой хэвээр байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Хоффман сэтгүүлчдэд мэдээлжээ.
Цагаан ордонд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн долоо хоногт халдвар илэрснээс хойш түүнтэй ойр байсан Бүгд Найрамдах намын олон өндөр албан тушаалтан болон өөр хэд хэдэн төлөөлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тэдний дунд тэргүүн хатагтай Меланья Трамп, зөвлөх Хоуп Хикс болон Бүгд Найрамдах намын олон Сенатч багтаж байна.
Мөн хэвлэлийн албаны дарга Кейли Макинани шинжилгээний хариугаа эерэг гарсныг даваа гарагт мэдэгдсэн юм. Түүнчлэн хэвлэлийн албаны Чад Гилмартин, Кэролайн Ливитт, Жален Драммонд нараас мягмар гарагт халдвар илэрчээ.
Д.Трампын ойрын хүрээллийнхнээс халдвар илэрсэн олон хүн есдүгээр сарын 26-нд Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон үйл ажиллагаанд оролцсон тул уг цуглааны үеэр халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байна.