Д.Нямхүү: Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэх үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар /2020.10.07/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоног дөрвөн лабораторид нийт 1,281 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,280 хүний сорьцод коронавирус илрээгүй.

Харин нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Энэ хүн бол аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч байсан.

Нэг сайн мэдээ нь өнөөдөр дахин нэг хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Эдгэрсэн хүний тухайд, есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 57 настай эмэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 315 тохиолдол батлагдсан. Үүнээс 308 нь буюу 98 хувь нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалт дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д нийт долоон хүн эмчлэгдэж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

"Иргэд улирлын томуугийн вакциндаа хамрагдах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн “Аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс даяар улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт улс даяар явагдаж байна. Тиймээс иргэд вакциндаа хамрагдах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Бид эмч ажилчид, гааль, хилийн цэрэг, цагдаа болон коронавирусийн тэмцэх үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагуудын шууд харьцаж байгаа ажилтнууд халдвар авах өндөр эрсдэлтэй учраас халдвар хамгааллыг дэглэмд онцгой анхаарах талаар мэдээ, сургалт хийж байна.

Хамгийн гол нь хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний дэгдэлт гарч байгаа учир иргэд энгийн боловч амьсгалын замын болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй аргуудыг байнга хэрэглэж байхыг хүсэж байна.

Үүнд, амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайг баримтлах зэрэг багтаж байна” гэсэн юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23,354 иргэнийг авч ирээд байна. Нийт 84 удаагийн тусгай үүргийн нислэгээр 16,816  иргэн ирсэн. Энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүр аван шинэчилж ирсэн. Нийт нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 9,000 орчим байгаа. Үүнээс нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог гаргаж байна.

Өнөөдрийн байдлаар аравдугаар сардаа буцаж ирэх нэн яаралтай 3,000 орчим хүн байгаагаас 2,500 орчим нь БНСУ-д байгаа хүмүүс юм. Энэ сарын нислэгүүдээр урьдчилсан байдлаар 2,760 хүн авч ирнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр сарын сүүлээр яаралтай нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом буурч татан авах ажиллагаа үндсэндээ дуусна гэж хэлж болно.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлээд богино хугацааны бүх төрлийн виз олгох ажлыг зогсоосон байсан.

Гэхдээ цаашид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэн шаардлагатайгаар Монгол Улсад албаны болон бизнесийн ажлаар ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргасан.

Тиймээс Монголд албаны болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээлээ. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай" гэв.

 

Сэтгэгдэл бичих