Жагсагчид Киргизийн Засгийн газрын ордныг эзлэн авчээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Киргизийн парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсагчид тус улсын нийслэл хот дахь Засгийн газрын ордныг эзлэн авсан байна.

“Жагсагчдын дундаас хэдэн арван хүн Засгийн газрын ордныг эзлэн авч, хэнийг ч оруулахгүй байна” гэж Киргизийн сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын ажилтан ТАСС агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр, хэрэг эрхлэх газрын ажилтнууд өглөө ажилдаа ирсэн боловч жагсагчид оруулаагүй байна.

Жагсагчид өмнө нь парламентын ордныг эзлэн авсан юм. Тус ордонд мөн төрийн тэргүүний захиргаа, нийслэлийн захирагчийн алба, Ерөнхий прокурорын газар байрладаг байна. Түүнчлэн Ысык-Көл болон Талас мужийн захирагч нар огцорч буйгаа өнөөдөр мэдэгджээ.

Жагсагчдын удирдагчид өөрсдийгөө түр удирдагчаар зарлаж, төрийн албан тушаалуудыг хуваарилж байгаа аж. Тухайлбал, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч нарийн бичгийн дарга Омурбек Суваналиев өөрийгөө Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр зарласан бол Дотоод хэргийн дэд сайд асан Курсан Асанов Бишкек хотын комендантын үүрэг гүйцэтгэгч болсон байна.

Киргизийн нийслэл хотод эрх мэдэл ерөнхийдөө жагсагчдын гарт шилжсэн байна. Жагсагчид өмнө нь тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг, мөн өөр хэд хэдэн алдартай улстөрчийг урьдчилан хорих төвүүд болон шоронгуудаас сулласан юм. Гэсэн хэдий ч жагсагчдын удирдагчид одоогоор эрх мэдлээ хууль ёсны болгох төлөвлөгөөгөө зарлаагүй байна.

Сэтгэгдэл бичих