Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байранд өнөөдөр Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо /ҮБСХ/-ноос Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулав.
Үндэсний бөхийн тамирчин Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн. Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен илэрсэн бол Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин хэмээх бодис илэрсэн гэдгийг ҮБСХ-ноос мэдэгдлээ.
ҮБСХ-ны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: “Энэ жилийн Үндэсний Их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-руу илгээсэн. Уг лабораторийн хариуг есдүгээр сарын 8-нд ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар Үндэсний Их баяр наадамд зургаа давсан, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн. Энэ бөхчүүдээс допингийн бодис илэрсэн учраас ҮБСХ-ны журамд заасны дагуу 10 хоногийн дотор шинжилгээний хариуг тэдэнд танилцуулсан. Мөн холбогдох журамд заасны дагуу бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ мэдэгдэх ёстой. Гурван бөх “А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна” гэдэг хариугаа өгсөн. Улсын аварга Н.Батсуурь, Б.Бат-Орших нар хариугаа бичгээр өгсөн. Мөн аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар хэвлэлийн бага хурал хийсэн. Монголын үндэсний бөхийн салбар хорооны 15 гишүүн нь тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг олгуулах эсэх асуудлаар хуралдаж, санал гаргаж Үндэсний баяр наадмын үндэсний хороонд уламжилдаг. Уг хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлдэг дүрэм журамтай. Ирэх долоо хоногт хурлын тов гарна” гэлээ.