Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын үйлдвэр энэ оны эхний 8 сарын байдлаар 1.1 сая тонн баяжмал үйлдвэрлэж 650 мянган тонныг экспортлоод байна.
Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор 5 жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн өр зээлийг төлөх даалгавар хүлээгээд буй тус ордын үйл ажиллагааг цаашид бүх талаар дэмжин ажиллахаа салбарын яам УУХҮЯ-наас мэдэгдэж байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Ордыг цааш бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд нэгд, баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэл хийх, хүдрийн баяжмалын олборлолт үйлдвэрлэлийг 300-600 мянган тонны хүчин чадалд хүргэх. Хоёрт, үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хайгуулын ажлыг эрчимжүүлэх ажлыг хийж байна.
Салхитын мөнгөний орд нь "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд, тусгай зөвшөөрөл нь "Эрдэнэс ресурс" ХХК-ийн эзэмшилд байдаг аж. 2800 гаруй га талбайг хамардаг тус ордын уурхай жилийн 4 улирал, 24 цаг тасралтгүй ажиллаж, хоногт мянган тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор 1 кг мөнгө болон зэс цайр, 3 грамм алт агуулагддаг байна.