УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр, "Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал анхны ээлжит чуулганаа эхлүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. Ийм эрс өөрчлөлт шинэчлэлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хуулиар засагласан нийгэм, хөгжлийг тэтгэсэн эдийн засгийг тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентын гишүүд ханцуй шамлан орж ажлын хэсэг, бүлгэмүүд байгуулан ажиллаж байна.
Ард түмнээ төлөөлөх, хариуцлагатай, ёс зүйтэй байхын үлгэр жишээг харуулах эрмэлзлээр манай гишүүд дүүрэн байгаа. Чухам тийм ч учраас манай бүх гишүүд завсарлагааны хугацаанд цаг завгүй ажиллаж, олон ажил амжууллаа. Сонгогдсон тойрог, орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож, бүх Байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг уулзалтууд зохион байгууллаа. Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн төслөөр, Эмэгтэй гишүүдийн бүлгэм Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийлээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд төмөр зам, уул уурхайн их бүтээн байгуулалтын талбар болсон говийн аймгууд, Дархан, Эрдэнэтийн томоохон үйлдвэрийн газруудтай танилцаж, бодлого боловсруулах чиглэлээр ажиллалаа. Инновац, цахим бодлогын байнгын хороо тоон гарын үсгийн хэрэглээ, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудал сэдвээр хэлэлцүүлэг хийж мэргэжлийн хүмүүсийн олон талын байр суурийг сонсож газар дээр нь очиж ажиллаж байгаа нь бүтээлч шинэлэг ажлууд болж байна.
Шүүхийн тухай хуулийн Ажлын хэсгийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөл, дүүргийн шүүхүүдэд, Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцэд ажиллаж, эмэгтэй гишүүд маань хүүхдийн хүчирхийллийн асуудлаар, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн парламентчдын холбооны цахим хуралд Ж.Чинбүрэн нарын гишүүд оролцлоо. “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” зөвлөгөөнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Төсвийн байнгын хороо Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын чиг хандлага сэдвээр, Эрхэм гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
Энэ дашрамд Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд зорилгоо нэгтгэж, дэлхийн боловсролын шилдэг ололтоос авахыг нь авч, өөрийнхөө боловсролын шилдэг арга барил, онцлогийг шингээсэн, дэлхийн тэргүүлэх түвшинтэй эн зэрэгцэхүйц Монгол боловсролын сайн тогтолцоог бүрдүүлэх бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллах болсныг тэмдэглэж хэлье. УИХ-д нэлээд хэдэн ажлын бүлэг буюу Ажлын бүлгэм байгуулагдсан. Энэ бол зөв жишиг, дэмжихүйц үйл ажиллагаа юм. Шинэ эриний гараан дээр Монголоо хөгжүүлэх, асуудлаа шийдвэрлэх арга замыг эрж хайж, хэлэлцэн ярилцаж, боломж нөхцөлийг судалж, зөв бодлого, шийдвэр гаргахыг эрмэлзэх нь бидний хамтын зорилгод нийцнэ. Харин дэгийн хуульд өөрчлөлт оруулж бүлгэмүүдийн ажиллах зарчим, журмыг тодорхой болгож журамлах хэрэгтэй байна.
Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн баригдсан. Монгол орон, монгол үндэстний тусгаар тогтнол, өнө мөнх оршихуйн дархлаа нь монгол хэл, бичиг, түүх соёл билээ.
Улсаа хөгжил дэвшилд хөтлөх, ялангуяа цар тахлын энэ үед эдийн засгаа тэтгэхэд гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх нь ус агаар мэт амин чухал юм. Гаднын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологийг Монголдоо татах, дэлхийн улс орнуудтай хийж буй худалдаа, экспортыг тасралтгүй нэмэгдүүлэх нь хөгжлийн нэг гарц билээ.Түр хороог санаачлагч гишүүд Гадаадын хөрөнгө оруулалтын форумыг өчигдөр зохион байгууллаа. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, нийтийн сонсголууд зохион байгуулж ард иргэд, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсдог мэргэжлийн парламент байхыг манай гишүүд эрмэлзэж байгаад ард олон талархалтай хандаж, дэмжиж байна.
Гишүүд хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэд сонгогчдын тавьсан саналыг судалж үзэхэд анхаарах нэг гол асуудал нь өвөлжилтийн бэлтгэл байна. Манай улсын нэлээд нутгаар, ялангуяа тал хээр, говийн бүсэд ган гачиг нүүрлэсэн нь өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй байна. Гамшгийн байдлыг газар дээр нь очиж үнэлгээ хийх, отрын нутаг бэлчээрийг одооноос зохицуулж хуваарилах, мах бэлтгэх квотыг нэмэгдүүлж, хөрш болон бусад орнуудтай мах экспортлох асуудлаар хэлэлцэх асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой Комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн отроор өвөлжих иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үр хүүхдийнх нь сургууль боловсролыг тасалдуулахгүй байх болон бусад үйлчилгээг чанартай хүргэх талаар аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нь чухал юм.Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж буй асуудлаарх Засгийн газрын мэдээллийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор төлөвлөж байна.
Эрхэм гишүүд ээ,
Намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр чуулганы хуралдах хугацааг 75 өдөр болгож сунгасан ч бид ихээхэн ачаалалтай ажиллаж, цаг хугацаатай уралдах хэрэгтэй болж байна.
Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ. УИХ-ын шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувь буурсан сайн мэдээтэй байна. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа билээ.
Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна.
Монгол улс саарал жагсаалтаас гарах тайлангаа 4-р сард амжилттай хамгаалж, 6 үүрэг даалгавраас 4-ийг биелүүлсэн Үүнийг газар дээр нь хянан шалгахаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас Ажлын хэсэг ирээд байна. Яг одоо Ерөнхий сайд Ажлын хэсэгтэй хийж буй уулзалтын нээлтэд оролцож байгаа болно.
Монгол Улсын төр засаг мөнгө угаахтай тэмцэх үүрэг амлалтдаа тууштай байгааг УИХ дахин нотолж байна.
Эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, “Эрх зүйн шинэчлэл-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ чуулганы нэг гол зорилт юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хойшлуулж, хугацаа алдаж суумгүй байна. Энэ хуулиар эрх мэдэл орон нутагт шилжиж, төвлөрөл саарч, нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдэнэ. Аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлснээр төвлөрөл саарч, түгжрэл гацаа арилж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байна. Түүнчлэн хот, тосгоны болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчилж, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг энэ чуулганаар шийдвэрлэх болно.
Хэдхэн хоногийн дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болно. Сонгуулийн үр дүнгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлж, нутгийн захиргааны удирдлагыг хуулийн дагуу шуурхай томилж, ажилд нь оруулах ёстой. Мөн Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно.
Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүжилтийн ил тод байдлыг бүрдүүлэх, намуудын төлөвшлийг хангах шинэчлэлийн үзэл баримтлалтай Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр батална. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан байгалийн баялгийн зохицуулалттай холбоотой заалтыг нэг мөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Энэ зорилгоор Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиудыг шинээр батлан мөрдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр байгалийн баялаг төрийн нийтийн өмч буюу бүх ард өмч гэсэн агуулгаараа хуульчлагдаж, үндэсний баялагтаа Монгол хүн эзэн болох нөхцөл бүрдэнэ.
УИХ гишүүдээсээ эхлээд нийт төрийн алба хаагчдын ёс зүйд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна. УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо байгуулагдсан. Уг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилгад хяналт тавих, хуралдааны дэг сахиулах, ирц бүрдүүлэх зэрэг асуудлаас гадна нийт төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал багтаж байгаа болно.
Түүнчлэн төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага хэр байхаас төрийн нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл, хууль тогтоомжийг сахих, төрийн байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал шууд хамаарна. Бид хөгжлийн шинэ ирээдүй, шударга ёс, хариуцлагатай төрийн төлөө тэмүүлж байгаа. Энэ эрхэм зорилтыг шинэ санаа, инноваци эрж хайдаг, иргэндээ чин сэтгэлээс үйлчилдэг, дэлхийн түвшний мэдлэг боловсролтой, ажлаа хэний ч оролцоогүйгээр төгс чанартай гүйцэтгэдэг, хууль, ёс зүй, хараат бус байдлаа эрхэмлэдэг төрийн түшээ л хэрэгжүүлж чадна.
Нөгөө талаар дээрээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн үзэл санаа, үйл хэргийг дунд, доод шатандаа аймаг, нийслэл, сум дүүрэг бүрт хүчээ нэгтгэн, эрчлэн үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Бурууг засаж, сайн сайханд хүрэхийг Монгол Улсын иргэн бүр хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг биелүүлэхэд нийт нийгмийн өргөн дэмжлэг, бүх шатны төрийн алба хаагчдын идэвхтэй оролцоо, гишүүдийн манлайлал нэн чухал байгааг зориуд тэмдэглэе.
Энэ удаагийн ээлжит чуулган Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байна. Өдгөөгөөс 30 жилийн тэртээ Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль болж, Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Улсын Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг, байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулж байсан түүхтэй билээ. Эрхэм гишүүд Та бүхэндээ төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-парламентын 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Ойг баяр ёслол гэхээсээ илүү өнгөрсөн 30 жилээ дүгнэн цэгнэх, шинэ ирээдүйн зорилтоо тодорхойлох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Үндсэн хууль, парламентат ёсоо сурталчлах, төр-ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэх, цахим парламентад шилжих зэрэг арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Эдгээр ажилд УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье." гэв.