“Эргэх холбоо" хөгжлийн хөтөлбөрийн 43 дахь цувралыг энэ сарын 17-28-нд Хэнтий аймгийн бүх сум, тосгонд хэрэгжүүллээ.
Энэхүү хөтөлбөрийг 2016 оноос эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 42 уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулаад байсан юм. Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар “Эргэх холбоо” хөтөлбөрийн 43 дахь цувралын хүрээнд тус аймгийн бүх сум, тосгоны иргэдтэй нүүр тулан уулзаж, тулгамдаж буй асуудал, ойрын үед шуурхай шийдвэрлэх ажлын талаар иргэдээс гаргасан хүсэл, сонирхлыг эрэмбэлэн хамгийн өндөр санал авсан 5-8 ажлыг төрийн бодлогод тусгуулах нэгэн шинэлэг аргыг эхлүүлээд байна. Энэ удаа УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн бүх сум, тосгонд ажиллав. Сумандаа хийх шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтад багтсан төсөл, хөтөлбөрүүдийг иргэд өөрсдөө эрэмбэлж, улмаар хамгийн өндөр санал авсан ажлуудыг төрийн бодлогод тусгуулах шинэлэг аргыг жишиг болгож, эргэх холбоотой ажиллаж буйд иргэд талархаж байв.
Үүнээс гадна ЗГХЭГ-ын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтуудыг, тэр дундаа хөдөөгийн иргэд, малчдад илүү хамаатай бодлогын шинэчлэлийг салбар бүрээр нь дэлгэрэнгүй танилцуулсан. Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд ипотекийн зээлийг хөдөөд 6 хувь болгож бууруулах, зүүн бүсийн аймгуудын иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоог “Сайд нарын-2” эмнэлэгт үзүүлдэг болох бэлтгэл ажил хангаж байгаа, удахгүй орон даяар хэрэгжих төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах бодлогыг малчид цаг хугацаа, мөнгө хэмнэх давуу тал болгож малын бэлчээрээсээ ч ашиглах боломжтой зэргийг танилцуулсан юм. Мөн “COVID-19” цар тахалтай холбоотой дэлхий нийтийг хамарсан хүндрэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг ч танилцуулсан.
Хэнтий аймгийн иргэд өвлийн бэлтгэл хангахтай холбоотой хадлан тэжээлийн хүрэлцээ, отрын бүс нутгийн маргаан, малын бэлчээр, усжуулалтын хүндрэл, зарим хариуцлагагүй уул уурхайн талаар нийтлэг санал, хүсэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарт илэрхийлж, боломжтой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.