АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад албан ёсоор айлчилна

оруулсан Алсын Хараа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх сарын 7-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Майк Помпео Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхах аж. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр хоёр орон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Үүний өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлахдаа Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх замын зураглал гэсэн баримт бичгийг баталсан. Уг зураглалд эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи зэрэг олон салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон. Энэ удаагийн айлчлалаар дээрх хоёр баримт бичгийг хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж ярих төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал ус дахин ашиглах үйлдвэр байгуулах МСК-ийн 350 сая ам.долларын төслийн явц, АНУ-ын Олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад дахин байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн тоог нэмэх талаар ярилцана” гэлээ.

Айлчлалыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм дор зохион байгуулах бөгөөд төлөөлөгчдийг угтаж авсан, үйлчилсэн хүмүүсийг тусгаарлах аж.

Сэтгэгдэл бичих