Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан шинэ бондын талаар /2020.09.29/ мэдээлэл хийж байна.
Сүүлийн гурван долоо хоногийн турш Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж 600 сая ам.долларын “Номад” бондыг гаргажээ. Энэ удаа бонд гаргахад JP Morgan, Morgan Stanley, Nomura, HSBC гэсэн компаниудтай хамтран ажиллажээ.
Шинэ бондын хугацаа нь 5.5 жил, хүү нь 5.125%, өгөөж нь 5.375% юм.
Тэрбээр "Бонд гаргаад мөнгө манайд орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажиллагааг амжилттай хийсэн" гэлээ.
Тодруулбал, 2021 онд төлөгдөх 10.875 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай бонд”-ын төлбөр, 2022 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын өрийг төлөхөд зориулж, сольж арилжаалж байгаа гэлээ.
Энэхүү бондыг босгосноор дараа дараагийн төлөх бондуудын төлбөр буурна гэв. Тухайлбал," Мазаалай бонд”-ын төлбөрөөс ирэх жил төлөх ёстой өр 120-130 сая ам.доллар, "Чингис бонд"-ын төлбөрөөс 800 гаруй сая ам.долларын төлбөр төлөх ёстой болж байгаа гэв.