Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо нэг саяын босгыг давсантай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хүн төрөлхтнийг алдаан дээрээсээ суралцахыг уриалжээ.
“COVID-19” нэг сая хүний амийг авч одов. Энэ бол цочирдом тоо. Нас барсан хүн бүр тус тусын амьдралтай, хэн нэгний ээж, эцэг, ах, эгч, найз нөхөд нь байсан гэдийг бид мартаж болохгүй. Гэр бүлийнхэн нь халдвар авсан хүнтэйгээ хамт байж чадахгүй байсаар явуулах нь энэ цар тахлын хамгийн харгис зүйл юм. Гарнаас нь атгаж, үнсэж, хайртай гэдгээ хэлж чадахгүйгээр дотны хүнээ явуулна гэдэг маш хэцүү” хэмээн тэрбээр хэлэв.
“Бид энэ сорилтыг давж чадна. Гэхдээ алдаанаасаа суралцах ёстой. Удирдлага хариуцлагатай байх нь чухал. Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа чухал” хэмээн тэрбээр цохон тэмдэглэхийн сацуу бүгд зай барьж, амны хаалтаа зүүж, гараа угаах дадлаа хаяхгүй байхыг уриалжээ.