“Багануур” ХК, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Т.Намнан, “Багануур” ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан судалгаа хөгжүүлэлт, шинжлэх ухаан- үйлдвэрлэл бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх, ШУТИС 2020-2021 оны хичээлийн жилийг дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан уг санамж бичгийг байгуулжээ.
Санамж бичгийн хүрээнд хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх, “Багануур” ХК-д шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дамжлага, үйл ажиллагааны зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого шийдвэр гаргахад “Багануур” ХК-д дэмжлэг үзүүлэх, “Багануур” ХК-ийн хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт хийх, туршилт судалгааны ажилд татан оролцуулах, мэргэжлийн салбарын оюутнуудыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу дадлага хийлгэх, “Багануур” ХК-ийн ажилтнуудын хүүхдээс сайн суралцаж буй үнэлгээний голч өндөртэй хүүхдийг тэтгэлэгт хамруулах гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллах юм.
“Багануур” ХК-ийн инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг байна. Тиймээс эртнээс хамтын ажиллагаатай байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг талууд онцолсон юм.