Оросын нэрт зохиолч Лев Толстойн романаас сэдэвлэсэн “Анна Каренина” жүжгийг 10 дугаар сарын 3-наас эхлэн Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын тайзнаа тоглоно.
Жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар МУСТА Т.Ганхуяг, уран сайхны удирдагчаар УГЗ Н.Ганхуяг, жүжгийн зохиол болгосон Н.Пүрэвдагва, хөгжмийн зохиолчоор МУСТА Ш.Өлзийбаяр, хөгжмийн найруулгыг МУСТА М.Бирваа, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар МУСТА Д.Энхбаатар нар тус тус ажиллажээ.
Энэхүү жүжгийн гол дүр Анна Каренинад залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин жүжигчин Н.Сувд, Вронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Аннагийн нөхөр Алексей Каренинд МУГЖ Б.Жаргалсайхан дүр бүтээсэн бол Ардын жүжигчин Н.Цэрэндагва, С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, Г.Урнаа, Л.Дэмидбаатар, МУСТА С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцсон байна.
Жүжгийг нээхтэй холбогдуулан өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр, ерөнхий найруулагч Н.Наранбаатар мэдээлэхдээ, “Анна Каренина” бол дэлхийд данстай, соёлт хүн төрөлхтний унших дуртай, бодож тунгаах дуртай зохиол юм. Яагаад ийм алдартай вэ гэвэл зохиолын гол дүрүүд хүний нас насанд өөр өөр өнцгөөр харагддагаараа ид шидтэй. 10,12 дугаар ангийн хүүхэд уншихад нэг өөр, 20, 30, 50, 60, 70 насанд өөр өөрийн бодролыг авчрах тийм увдистай. Тиймээс энэ зохиолыг амьдралын философи гэж ойлгож болно. Зохиолд 19 дүгээр зууны сүүлч үеийн тухай гарч байгаа ч тухайн цагийн араншин өнөөгийн нийгмийн бидний араншинтай яг таарч байна. Жишээлбэл, Анна Каренина бол жүжигчин, дуучин, нийгмийн том зүтгэлтэн биш, жирийн нэг бүсгүй. Жирийн нэгэн бүсгүйн амьдралыг тухайн цаг үед нийгэм даяараа шуугин хэлэлцэж, эцэст нь амиа хорлохоос өөр аргагүйд хүргэж байна. Тиймээс хүний амьдралд битгий хошуу дүр, урдах ажлаа хий, хөдөлмөрч бүтээлч бай, хов жив битгий ярь гэсэн санаа агуулж байна. Дэлхийн том театрууд “Анна Каренина”-г тоглодог. Ингэснээрээ академик шинж чанараа илүү баталдаг. Мөн жүжигчдийн ур чадвар, мэдлэг оюун үргэлж дээшилнэ. Нөгөө талаараа үзэгчдийн оюуны чадавх, тусгаар тогтнолыг бэхжүүлэх нь жүжгийн гол зорилго юм. УДЭТ-ын хамт олны бүтээсэн энэхүү бүтээл үзэгчдэд ухаарал, амьдрах итгэл, өөрийгөө хянах, өөртөө дүгнэлт хийх боломж олгоно гэж үзсэн. Лев Толстой, “Хүн бүхэн ертөнцийг өөрчлөх тухай боддог хэрнээ өөрийгөө өөрчлөх тухай яагаад боддоггүй юм бол” хэмээсэн байдаг. Энэ түлхүүр үгэнд түшиглэж энэхүү бүтээлээ хийсэн” хэмээв.
Анна Каренинагийн дүрийг бүтээж буй жүжигчин Н.Баярмаа, “Зохиолыг анх уншаад эмэгтэй хүний зүрх сэтгэлийн дотоод нарийн мэдрэмжийг яаж ингэж зураглаж, татаж гаргаж бичсэн юм бол гэж бишрэх сэтгэл төрсөн. Тиймээс түүнийг ил гаргаж тоглох, үүрэг хариуцлага надад ногдсон. Үзэгчид өөр өөрсдийн Аннаг хүлээж, бүгд зүрх сэтгэлдээ Аннатай ирэх байх. Би өөрийнхөө зүрх сэтгэлээр төсөөлсөн Аннаг тоглоно. Тэгэхээр үзэгчид Анна гэж тийм эмэгтэй юм гэж тодорхойлоход хэцүү санагдаж магадгүй. Тэгж чадвал миний зорилго биелж байна гэж үзнэ” гэв.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 25-80 мянга, VIP суудлын тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй байх аж.