УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хоёр жил гаруйн хугацаанд тагнаж чагнасан байна гэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргажээ. Энэ асуудлаар түүнээс тодрууллаа.
- ТЕГ гүйцэтгэх ажлыг тан дээр явуулсан гэх мэдээлэл байгаа шүү дээ. Таныг тагнаж, чагнасан юм уу?
- Энэ талаар би Тусгай хяналтын дэд хороонд нууцаар өргөдөл өгсөн. Миний ойлгож байгаагаар тусгай хяналтын хороо шалгаад, прокурор руу шилжүүлсэн. Холбогдох байгууллагууд дээр шалгалт хийгээд явж байгаа гэсэн мэдээллийг миний бие авсан.
Цаг нь болохоор ил болох олон асуудал байгаа л даа. Удаан хугацаанд болсон процессыг нэг бүрчлэн бичсэн гэсэн үг.
- Яг яаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан бэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
- Нууцлаад өгчихсөн бичгийг ярих боломжгүй байна. ТЕГ-ын дарга Эрдэнэтийн 49 хувийн процесс явж байх үед надад удаа дараа шаардлага тавьдаг байсан. Тэр шаардлагыг хуулиараа ч тэр би биелүүлэх боломжгүй байсан. Үүнээс болоод хоёр, гурван удаа зөрчилдөх тохиолдол гарсан. Энэ талаар би өргөдөл дээрээ бичсэн.
Урьдчилсан байдлаар тогтоогдож байгаагаар намайг уулзалт хийж байхад зарим газарт намайг дагасан байж болзошгүй. Орсон газруудын бичлэгийг авах гэж оролдсон гэж ойлгосон. Гэхдээ мэдээж шүүх дээр эцэслэн тогтоогдох байх.
Надтай холбоотой уулзалтуудыг нэг бүрчлэн бүртгэлжүүлсэн гэсэн нөхцөл байдал илэрч байгаа гэж ойлгосон. Мөн миний туслах ч юм уу, эргэн тойронд байгаа хүмүүсийн утас, харилцуур руу халдсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж ойлгож байгаа.
Яагаад өргөдөл өгөх болсон бэ гэвэл бүгд рестораны өрөөнд аятайхан уулзаж чадахаа больсон байна. Утсаараа хоорондоо ярьж чадахаа больсон байна. Ийм айдастай нийгэм байж болох юм уу гүй юм уу гэдэг зарчмын асуудал бодогдсон.
ТЕГ бол Засгийн газрын харьяа, Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг. Гэтэл ЗГХЭГ-ын дарга дээр чагнасан, хүмүүс дагасан ийм байдлаар улс төржиж байгаа бол энгийн иргэд яах вэ гэдэг асуудал надад бодогдсон.
Тагнаж чагнадаг гэдэг юм яригддаг хэрнээ тогтоогддоггүй. Миний хувьд хангалттай нотлох баримт байгаа. Энэ удаад тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ тогтоогдохгүй бол хууль хяналтын байгууллагад хамжигч байна гэж үзнэ. Дээрээс бас зогсоох гэж оролдох нөхцөл байдал гарч болзошгүй гэж надад дуулдсан. Хэрвээ тийм зүйл болвол би тэр хүнийг захиалагч гэж үзнэ.
- Та өөрийгөө тагнуулж, чагнуулж байгааг яаж баримтжуулж авсан юм бэ?
- Бараг жил гарангийн өмнөөс надад ийм мэдээлэл ирсэн. Анх онцгой дэглэм тогтоогдож байх үеэс гэсэн үг л дээ. Монгол жижигхэн. Хүн дагаж байгаа ч юм уу, бичиг баримт дээр ажиллаж байхад ажиглаад байгаа ч юм уу тийм нөхцөл байдлууд надад анзаарагдсан. Улс төрийн сонгууль дөхөж байсан болохоор сенсацилаад яах вэ гэж бодоод сонгуулийн дараа хандсан.
Эхний байдлаар тогтоогдсон гэж үзсэн учраас ТЕГ-ын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж ойлгосон.
Тагнаж чагнадаг байгууллага байлгүй яах вэ дээ. Гэхдээ хуулийн дагуу ажиллаасай гэж хүсэж байна. Намайг тагнаж чагнах ажиллагаанд оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг би гаргаж өгсөн.
- Жил гаран хугацаанд тагнаж чагнасан гэж байна. Үүнээс олж авсан мэдээллээрээ таныг шантаажилсан уу?
- Шантаажлах нь ч хаашаа юм бэ. Сэдэл нь бол өөрөө Оюун-Эрдэнэ гэж нөхрийг ямар нэг байдлаар дуугүй болгох ёстой, ямар нэг байдлаар өөрт нь хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн сэдэл байсан юм болов уу. Шантаажлах тийм зүйл гарч ирээгүй, гарч ирээгүй учраас ч би өгөх гэж байгаа юм.
Ер нь хүмүүсийг ийм байдлаар барьцаалдаг юм байна гэж би ойлгож авч байгаа л даа.
Таны ийм мэдээлэл байна. Энэ хүний талаар ингэж яриад хэрэггүй байлгүй ээ, энэ асуудал дээр чимээгүй өнгөрөөрэй ч гэдэг юм уу ийм байдлаар хандаж ирсэн систем юм уу даа гэж ойлгож байна. Энэ системийг таслан зогсоох гэж үзэж байна.
Хэрэв тагнаж чагнасан нь тогтоогдвол хувь хүн намайг тагнаж чагнасан биш Засгийн газрыг тагнаж чагнасан болж таарч байгаа биз. Би чинь ЗГХЭГ-ын дарга гэдэг субьект байсан.
Шулуухан хэлэхэд Л.Гэрэл гэдэг хүн энд тэнд УИХ-ын олон гишүүнтэй уулзаж, тайван орхиоч ээ, болиоч ээ гээд янз бүрийн юм яриад уулзаад яваад байгаа сураг дуулдаж байгаа. Би зүгээр орхихгүй. Эцсийг нь хүртэл явна. Шаардлагатай бол өгсөн мэдээллээ ил болгоно. Шат шатандаа нуугдаж явдаг ийм асуудалд цэг тавих болсон.