НҮБ-75: В.Путин, Д.Трамп, Ши Жинпин нарын хэлсэн үгийг тоймлох нь

оруулсан Алсын Хараа

Нью-Йорк хотноо мягмар гарагт нээгдсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган түүхэнд анх удаагаа онлайн хэлбэрээр явагдаж байна. Ковид-19 цар тахал дэгдсэн өнөөгийн нөхцөлд чуулганы хуралдаанд улс орнуудын удирдагчдын хэлэх үгийг дүрс бичлэгээр дамжуулан үзүүлж байгаа нь онцлог юм. Тэр дундаа дэлхийд хамгийн их нөлөө бүхий АНУ, БНХАУ ба ОХУ-ын төрийн тэргүүн нарын хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татах нь зүйн хэрэг.

В.Путин: Дэлхийн худалдааг хориг саадаас цэвэрлэн чөлөөлье

“Нийтийн хүчээр нийтлэг ирээдүйг” гэсэн баннерын өмнө зогсож үг хэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үгийнхээ эхэнд, энэ онд Дэлхийн II дайн дууссаны болон НҮБ байгуулагдсаны 75 жил гэсэн хоорондоо салшгүй холбоотой хоёр түүхэн үйл явдлын тэгш ойг дэлхий нийтээрээ тэмдэглэж байгааг дурдлаа.

Энх тайвныг хамгаалахад чиглэсэн үндсэн үүргээ НҮБ нэр төртэй биелүүлж байгааг Путин тэмдэглэн хэлээд “гэхдээ олон улсын ямар ч байгууллага хөшүүн байж болохгүй бөгөөд улам нарийн түвэгтэй, улам олон туйлтай, улам олон төлөв хэмжээстэй болж буй орчин үеийн дэлхий ертөнцийн бодит байдалд зохицох ёстой” гэдгийг онцлон дурдсан байна.

Дараа нь тэрбээр НҮБ-ын гол байгууллага болох Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх талаар ярихдаа, байнгын гишүүн улсуудын хориг тавих эрхийг хэвээр хадгалах нь зүйтэй гэдгийг хэллээ.

Оросын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “түүхийн сургамжийг мартах нь харалган бөгөөд маш хариуцлагагүй хэрэг” гэдгийг дурдсаныхаа дараа цар тахлын талаарх байр сууриа илэрхийлэв.

Хориг хязгаарлалтаас чөлөөлөх нь

“Хөл хорио тогтоох, хил хаах зэргээр иргэдэд олон хүндрэл бэрхшээл учруулж байгаа нь өнөөдрийн бодит байдал юм. Цар тахалтай холбоотойгоор үүссэн нийгэм-эдийн засгийн цочролын хамрах хүрээ, үр дагаврыг үнэлэн тооцоолох үүрэг шинжээчдэд ногдож байна. Дэлхийн эдийн засгийг сэргээхэд удаан хугацаа шаардагдах нь өдгөө нэгэнт тодорхой болжээ” хэмээн Оросын Ерөнхийлөгч дүгнэн хэллээ.

Үүний тулд стандарт бус шийдлүүд гаргах хэрэгтэй болно гэдгийг Путин тэмдэглэн хэлээд “худалдааны дайн, хориг арга хэмжээнээс ангид бөгөөд юуны түрүүнд хүнс, эм болон цар тахалтай тэмцэхэд шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслүүдийг нэвтрүүлэхэд зориулсан ногоон зурвасууд /коридор/ байгуулах саналыг Орос улс дэвшүүлж байгаа”-г мэдэгдлээ.

“Дэлхийн худалдааг саад хязгаарлалт, хориг арга хэмжээнүүдээс цэвэрлэж чөлөөлөх нь дэлхийн хэмжээнд өсөлтийг сэргээж, ажилгүйдлийг бууруулахад тус дөхөм болно” гэдгийг Оросын удирдагч онцлон тэмдэглэлээ.

Орос вакцин

Цар тахлын тухай сэдвийг хөндөх үеэрээ В.Путин Оросын эрдэмтдийн гарган авсан "Спутник V" вакцины талаар тогтож ярилаа.

“Найдвартай, аюулгүй, үр дүнтэй гэдэг нь нэгэнт батлагдсан Оросын вакциныг бусад улсад нийлүүлэхийн тулд бүх улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдэнтэй өөрсдийн туршлагаас хуваалцахад бид бэлэн байна” хэмээн Оросын Ерөнхийлөгч хэлэв.

Үүний сацуу тэрбээр НҮБ болон түүний харьяа байгууллагуудын ажилтнуудыг сайн дурын вакцинжуулалтад хамруулахын тулд Оросын вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэхэд бэлэн гэдгээ дуулгасан байна.

Зэвсэглэлд тавих хяналт

Путиний хөндсөн дараагийн чухал сэдэв нь зэвсэглэлд хяналт тавих тухай асуудал байв. Ирэх оны 2 дугаар сард Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах тухай ОХУ-АНУ-ын гэрээний хугацаа дуусгавар болж байгааг тэрбээр дурдаад “пуужингийн шинэ системүүдийг байрлуулах асуудалд харилцан хүлээцтэй хандах”-ыг уриаллаа.

Үүний сацуу сансарт зэвсэг байрлуулахыг хориглох, сансрын объектуудын эсрэг хүч хэрэглэхийг хориглох тухай гэрээг сансрыг эзэмшигч гол гүрнүүдийн оролцоотойгоор байгуулах санаачилгыг Орос улс дэвшүүлж байгааг Путин мэдэгдэв.

Үгийнхээ төгсгөлд тэрбээр коронавирусний халдварын нөхцөл байдал дээрдмэгц “Их-5”-ын дээд хэмжээний уулзалт хийхийг санал болголоо.

Д.Трампын хэлсэн товч үг 

Бусад улсуудын удирдагчдын нэгэн адилаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп юуны түрүүнд цар тахлын сэдвийг хөндлөө.

“Дэлхийн II дайн дууссан болон НҮБ байгуулагдсанаас хойших 75 жилийн дараа бид бүхэн дэлхийг хамарсан тэмцэл тулаанд орлоо, энэ удаад үл үзэгдэх дайсан болох хятад вирусийн эсрэг тэмцэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-ын хувьд дэлхийн II дайнаас хойших хугацаанд хамгийн их хохирол амссан хэдий ч вирусийн тархалтыг хумин хяналтандаа авч, нас барсан тохиолдлын тоог 4 дүгээр сараас хойш 85 хувиар бууруулж чадсан төдийгүй Америкийн эрдэмтэд ойрын үед коронавирусний вакцин гарган авна гэдгийг Америкийн Ерөнхийлөгч дурдлаа.

Үүний сацуу вирус тараасан гол буруутан болох Хятад улсыг НҮБ шийтгэх ёстой гэдгийг Трамп мэдэгдсэн байна. Цар тахал ид дэгдэж байсан үед Хятад улс дотоодын бүх нислэгээ цуцалсан боловч олон улсын нислэгүүдээ зогсоогоогүй учраас дэлхий даяар вирус тархсан бөгөөд тус улс ДЭМБ-ыг төөрөгдөлд оруулсан гэж Америкийн Ерөнхийлөгч буруутгасан байна.

“Коронавирус хүнээс хүнд дамждаг гэх нотолгоо байхгүй гэсэн ташаа мэдээллийг Хятадын засгийн газар болон Хятадын хяналтанд байгаа ДЭМБ хоёр өгсөн. Мөн өвчний шинж тэмдэггүй хүмүүс халдвар тараадаггүй гэж худлаа мэдээлсэн” гэж Трамп буруушаажээ.

7 минутын хугацаатай товч үг хэлсэн Америкийн Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд өнгөрсөн 4 жилийн хугацаанд олсон амжилтуудаа дурдахдаа “дэлхий дээрх хамгийн хүчирхэг эдийн засгийг босгож, 2,5 их наяд доллар зарцуулснаар дэлхийн хамгийн шилдэг армийг бий болгосон” гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Олон улсын тавцанд олсон амжилтуудынхаа талаар тэрбээр ярихдаа, Төв Америкийн орнуудтай харилцаагаа сайжруулж, “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдади, дэлхийн №1 террорист болох Касем Сулеймани нарыг устгаж, Серб, Косово хоёрыг эвлэрүүлж, Афганистанаас Америкийн цэргийг гаргасан, Израиль ба АНЭУ, Бахрейний хооронд энхийн гэрээ байгуулагдсан зэргийг онцолсон байна.

Ши Жинпинь: Цар тахалтай хийж буй тэмцлийг улстөржүүлэх гэсэн оролдлогыг няцаах ёстой  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дахь удаагийн чуулганд Бээжин хотоос онлайнаар оролцсон БНХАУ-ын дарга Ши Жинпинь мэдэгдэхдээ “Хятад улс дэлхийн ямар ч улс оронтой хүйтэн дайн ба халуун дайн хийхээр завдаагүй, бид хэзээ ч жанжлал тогтоох, нөлөөний хүрээгээ тэлэх гэж эрмэлзэхгүй” гэлээ.

Хятад улс цаашид аливаа санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ хийх, зөвлөлдөх замаар зохицуулахын төлөө байх болно гэдгийг Хятадын удирдагч онцлон хэлсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, нийтийн өмнө аюул тулгарсан энэ үед санал зөрөлдөөнөө хойш тавьж, цар тахалтай хамтран тэмцэхийг бүх улс оронд хандан уриалаад “уг үйл явцыг улстөржүүлэх гэсэн аливаа оролдлогыг няцаах ёстой” гэлээ.

Түүний онцлон дурдсанаар, өнөөгийн дэлхий ертөнц бол оршин суугчид нь хоорондоо нягт холбоо бүхий нийтийн глобал тосгон учраас Ковид-19 болон бусад бэрхшээл сорилтын эсрэг тэмцэх үүднээс нийтийн тусын тулд үзэл суртлын ялгаатай байдлыг даван гарах хэрэгтэй.

Энэ үүднээс коронавирусний гарал үүсэл, дамжин халдварласан замуудыг илрүүлэх зорилго бүхий олон улсын хамтарсан судалгаанд Хятад улс идэвхтэй оролцоход бэлэн гэдгийг Ши Жиньпин мэдэгдсэн байна.

Үүний сацуу, цар тахлын үр дагавартай хийж буй тэмцлийг дэмжих үүднээс Хятад улс нэмэлт 50 сая долларыг НҮБ-д олгохоор шийдвэрлэснийг Ши Жинпинь дуулгасны сацуу хөдөө аж ахуй, боловсрол, ядуурлыг бууруулах салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн нийгэм-эдийн засгийн хөгжлөө сэргээхэд нь улс орнуудад туслах зорилгоор ирэх 2 жилийн хугацаанд 2 тэрбум доллар зарцуулна гэсэн амлалтаа Хятад улс биелүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: ВВС, regnum.ru, РИА Новости

Сэтгэгдэл бичих