Энэ оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Албадан гаргасан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд аж. Эдгээр иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргажээ.
Тухайлбал, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан иргэн ч байсан байна.
Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргажээ.
Гадаад иргэнийг урьсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаадын иргэнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн дагуу бүртгүүлж, тогтоосон хугацаанд холбогдох зөвшөөрөл авах үүрэгтэй юм байна.
Хэрэв урьсан гадаадын иргэнээ хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээх хуулийн зохицуулалттай байдаг гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.