Алексей Навальный эмнэлгээс гарчээ

оруулсан Алсын Хараа

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйгийн бие сайжирч, Берлин хотын эмнэлгээс гарчээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Сибирь рүү нисч явахдаа нисэх онгоцонд ухаан алдаж, Томск хотын эмнэлэгт хүргэгдсэн юм. Удалгүй Германы нийслэл Берлин хотын Шарите эмнэлэг рүү шилжин хэвтсэн. Германы эмч мэргэжилтнүүдийн мэдээлснээр Навальный “новичок” гэх химийн бодист хордож ухаан алджээ.

“Хэдийгээр Навальныйгийн бие сайжирч эмнэлгээс гарсан ч удаан хугацааны дараа гаж нөлөө илэрч магадгүй” хэмээн эмч нар мэдэгджээ. Тэрбээр Шарите эмнэлэгт 32 хоногийн турш хэвтэхдээ 24 хоногт нь эрчимт эмчилгээнд байсан аж. Түүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг нийтэд хүргэхдээ эхнэр болон өөрөөс нь зөвшөөрөл авдаг байна. Өмнө нь Навальный өөрийн цахим хуудасдаа “Утсаар ярих, аяганд ус хийх, шатаар өгсөхөд хүндрэлтэй байна” хэмээн бичжээ.

Навальныйгийн хэрэгт Барууныхан ОХУ-ын Засгийн газрыг буруутган тайлбар шаардаж буй. Харин Кремлийн зүгээс Навальныйгийн хэрэгт оролцоогүй гэдгийг онцолж, урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих