ҮББХ-НЫ ГИШҮҮД "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, тус байнгын хорооны гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакир болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ. УИХ-ын гишүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг тодорхой болгох, үйлдвэрийн салбарт шаардлагатай судалгаа, хөгжлийн ажлыг эрчимжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ төрлийг болгох зэрэг үйлдвэрийн  ирээдүйн чиг хандлагад чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар санал дүгнэлтийн төсөл боловсруулах зорилгоор орон нутагт ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд уурхайн шөнийн ээлжийн үйл ажиллагаатай танилцсаны дараа гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн талаарх мэдээллийг өглөө. Компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшлийн бүтцийн хувьд Төрийн эзэмшил ~85.2, Монгол Улсын 2.5 сая иргэн ~14.75, аж ахуйн нэгжүүд ~0.05 хувийг тус тус эзэмшиж байна. Шинээр хийгдэж буй JORC аргачлалын нөөцийн үнэлгээгээр өмнө нь тооцсон ордын нүүрсний геологийн нөөц болох 7.3 тэрбум тонн нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт геологийн нөөцийн 75 хувийг коксжих нүүрс эзэлдэг. Үүсгэн байгуулагдсанаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны 7 сард олборлосон бөгөөд нийт 913 үндсэн 100 хувь монгол ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай товч танилцуулга хийлээ.

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, охин хараат компаниуд үүсэн бий болж байгаатай холбоотойгоор холдинг компани болж өргөжих шаардлага үүссэн хийгээд 2016-2019 оны санхүүгийн үзүүлэлтүүдийн өссөн дүнг гишүүдэд өглөө. Компани үүсгэн байгуулагдсанаас хойших нийт нүүрс олборлолт 2020 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар 66.5 сая тоннд хүрээд байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай ТУЗ-аас баталсан удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дугаар сард олоод байгааг мэдээлэв.

Мөн энэ үеэр 2020 оны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нөхцөл байдлыг танилцуулав. Тухайлбал,Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр “Тавантолгой Түлш” ХХК-д санхүүжилтийг нь таслахгүй хийснээр улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх төслүүд саатахгүй явж байгааг онцоллоо.

Түүнчлэн мэдээллийн үеэр компанийн үнэ цэнийг өсгөх төсөл хөтөлбөрүүд болох техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамж, ачилтын нэгдсэн төв байгуулах төсөл зэргийг танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой зарим мэдээллийг тодруулж, санал солилцлоо.

 

Сэтгэгдэл бичих