Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.09.23/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэс - Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал,
- Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргуугын нэгдсэн төлөвлөлтийг баталлаа. Энэхүү Гадаргуугын нэгдсэн төлөвлөлтөд ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс ачилтын нэгдсэн төв зэргийг багтааж байгаа бөгөөд төлөвлөлт батлагдсанаар эдгээр төслүүдийн уялдаа холбоо сайжирч эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.
- Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олголоо. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
- Мөн өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын санхүүжилтэд нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтарсан “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргалаа. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмших юм. Эх сурвалж: ETT.MN