Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.21) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн ес дэх өдөр Точиношинтой барилдаж, Аки башёгийн зургаа дахь ялалтаа авлаа. Озэки Асанояама зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ Хокүтофүжитой тааран барилдаж, башёгийн долоо дахь даваагаа авлаа. Тэрүнофүжи Ган-Эрдэнийн хамтаар Тобизарү, Оношо, Вакатакакагэ, озеки Такакэйшо нар долоон даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байна.
Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо башёгийн есдэх өдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Кирибаяама Лхагвасүрэнтэй тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Энход өвдөг шороодож таван даваа, дөрвөн унаатай, Хошорюү Бямбасүрэн Кайсэйд өвдөг шороодож дөрвөн даваа, таван унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Харин Тамаваши Мөнх-Оргил Такарафүжиг давснаар дөрвөн даваа, таван унаатай болжээ.