Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 30 жилийн ой тохион хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг өнөөдөр /2020.09.23/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцов. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хараахан хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын эхэнд Парламентын 30 жилийн ойг угтан хийж байгаа ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга онцоллоо.
УИХ-ын дарга нар засаглалын тогтолцооны хяналт тэнцэл, намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал, парламентын болон гишүүдийн нэр хүнд, ёс зүй зэрэг олон асуудлаар санал солилцож, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад “Спикерүүдийн клуб” байдаг жишгийн дагуу үе үеийн УИХ-ын дарга нарын “Их Хуралдай” клуб байгуулах санал тавьсныг санал нэгтэй дэмжлээ.
Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм.
“Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.