Хэнтий аймагт “Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүллээ

оруулсан Алсын Хараа

-Иргэдийн саналыг эрэмбэлж сум бүрийг хөгжүүлэх замаар Хэнтий аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ-

 

“Эргэх холбоо" хөгжлийн хөтөлбөрийн 43 дахь форум Хэнтий аймгийн хэмжээнд албан ёсоор эхэллээ. 2016 оноос анх хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн хүрээнд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар улсын хэмжээнд хамгийн өндөр саналаар багаараа ялалт байгуулж Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ үүргийн дагуу У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бүх сум, тосгонд ажиллаж амьдарч буй иргэдтэй нүүр тулан уулзаж тулгамдаж буй асуудал, ойрын үед шуурхай шийдвэрлэх ажлуудын талаар иргэдийн өөрсдийнх нь  гаргасан хүсэл, сонирхлыг тэр дор нь эрэмбэлээд хамгийн өндөр санал авсан 5-8 ажлыг төрийн бодлогод тусгуулах нэгэн шинэлэг аргыг эхлүүлээд байна.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар газар тариалангийн бүс Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахтай давхацсан учир энэ удаад УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн баруун болон урд талын Жаргалтхаан, Цэнхэрмандал, Мөрөн, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдад ажиллав. Очсон сум бүрт иргэд танхим дүүрэн цугларч уулзалтанд идэвхитэй оролцож байлаа. Сумандаа хийгдэх шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтад багтсан төсөл, хөтөлбөрүүдийг өөрсдөөр нь эрэмбэлүүлж, улмаар хамгийн өндөр санал авсан ажлуудыг төрийн бодлогод тусгуулах шинэлэг аргыг жишиг болгож эхлүүлэн эргэх холбоотой ажиллаж буйд иргэд талархаж байлаа. Аймаг, сумандаа иргэд сайхан амьдрахын тулд төр засаг тогтвортой байх, хийх ажлаа урт хугацаанд төлөвлөх нь хамгаас чухал юм.

Хэн нэгэн дарга өрөөндөө суугаад төлөвлөлт “зохиох” бус иргэд өөрсдөө сумандаа эхэргцээ, шаардлагатай байгаа асуудлаа шийднэ гэсэн үг. Сум бүрийн өмнө тулгамдаж буй асуудал өөр. Зарим суманд Соёлын төв, ЕБС, дотуур байрны барилга нэн хэрэгцээтэй байхад нөгөө суманд ЗДТГ-ын байр, спорт заал, ЭМТ-ийн барлгын засвар шаардлагатай байдаг. Энэ бүхнийг шууд ардчиллын зарчмаар иргэдийн саналд тулгуурлан шийдвэрлэж, сум бүрийг хөгжүүлэх замаар Хэнтий аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл юм.

УИХ-ын гишүүнээс гадна ЗГХЭГ-ын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилт бүрийг, тэр дундаа хөдөөгийн иргэд, малчдад илүү хамаатай бодлогын шинэчлэлийг салбар салбараар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд ипотекийн зээлийг хөдөөд 6 хувь болгож бууруулах, зүүн бүсийн аймгуудын иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоог “Сайд нарын-2” эмнэлэгт үзүүлдэг болох бэлтгэл ажил хангагдаж байгаа, удахгүй орон даяар  хэрэгжих төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах бодлогыг малчид цаг хугацаа, мөнгө хэмнэх давуу тал болгож малын бэлчээрээсээ ч ашиглах боломжтой зэргийг тайлбарлаж өгсөнд иргэд талархаж байв. Мөн “Ковид-19” цар тахалтай холбоотой дэлхий нийтийг хамарсан хүндрэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг ч сум бүрт танилцуулсан.

Хэнтий аймгийн иргэд өвлийн бэлтгэл хангахтай холбоотой хадлан тэжээлийн хүрэлцээ, отрын бүс нутгийн маргаан,  малын бэлчээр, усжуулалтын хүндрэл, зарим хариуцлагагүй уул уурхайн талаар нийтлэг санал, хүсэлтийг Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарт илэрхийлж, боломжтой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

Сүүлийн дөрвөн жилд Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн нь иргэдийн амьдралд ч мэдрэгдэж эхэлжээ. Аймаг, сум бүрийн төсөв, хөрөнгө оруулалт, хийгдэх ажил өссөн үзүүлэлттэй байна. УИХ, ЗГ-аас улс орны болон Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, гараанаас гаргаад ид үргэлжлүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг ч иргэд өндрөөр үнэлж байв. Уулзалт бүр үр дүнтэй, өнгөрсөн алдаа, оноогоо бүхэлд нь дүгнэж, ирэх жилүүдийн төлөвлөлтөө хийхэд чиглэв. Үлдсэн сумдад “Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийн уулзалтыг энэ сарын 24-29 өдрүүдэд зохион байгуулна.

 

Сэтгэгдэл бичих