оруулсан Алсын Хараа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 09 дүгээр сарын 20-ны өдрөөс ОХУ-д албан ёсны айлчилж байна.

2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан билээ.

Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох аж. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАНАЙ ТАЛААС ДАРААХ ГОЛ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦАНА

  • 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар,
  • Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар,
  • Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана.
  • Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар,
  • Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ,
  • Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах,
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байгаа ажээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны хувьд сайд болсноосоо хойш  хойд  хөршид анхны албан ёсны айлчлалаа хийх гэж байгаа нь энэ юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих