Тайландчууд хаант засаглалыг эсэргүүцэн жагсав

оруулсан Алсын Хараа

Тайландын нийслэл Бангкок хотод хэдэн мянган хүн цугларч засгийн газар, хаант засаглалыг эсэргүүцэж шинэчлэл шаардан жагсцгаажээ. Жагсаалд ойролцоогоор 15 мянган хүн оролцсон нь сүүлийн хэдэн жилд хамгийн том жагсаал болжээ. Жагсагчид “Феодализм нурж, ард түмэн урт наслаг” хэмээн орилцгоож байв.

Жагсаалын үеэр ямар нэгэн хүчирхийлэл болоогүй байна. Оюутнууд жагсаалыг санаачлан өчигдөр /2020.09.19/ Таммасат их сургуулийн байрнаас эхлэн элитүүдийн баяр тэмдэглэдэг гранд палас хүртэл жагсч, цаашлаад Ерөнхий сайдын оффисын өмнө очиж өнөөдөр /2020.09.20/ өглөө хүртэл шөнөжин үргэлжлүүлжээ.

Долдугаар сараас хойш иргэдийн хөдөлгөөнүүд Ерөнхий сайд Прают Чаночаг огцрохыг шаардацгааж байгаа. Тэрбээр 2014 онд анх Ерөнхий сайдаар сонгогдож түүнээс хойш тасралгүй энэ албыг хашиж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулаад буй.

Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал удаан үргэлжилсэн билээ. Гэвч энэ оны хоёрдугаар сард дөнгөж байгуулагдаад байсан ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь гал дээр тос нэмсэн үйлдэл болж иргэдийн бухимдлыг улам дэвэргэжээ.

Мөн түүнээс гадна 2014 оны цэргийн эргэлтээс хойш Камбожид цөлөгдсөн ардчиллыг дэмжигч Ванчалеарм Сацаксит энэ оны зургадугаар сард сураггүй алга болсон нь жагсагчдын эсэргүүцлийг эрчимжүүлсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Сэтгэгдэл бичих