Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг тоглогч Лионель Месси алдарт Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Ийнхүү тэрбээр хөлбөмбөгийн спортын түүхэнд тэрбумтан болсон хоёр дахь тоглогч болж байна. Түүний өмнө мэдээж Италийн Ювентус багт хүчин зүтгэж буй Кристиано Роналдо бичигдэж буй.
Барселона багаасаа явахыг хүсч, багийн удирдлагууддаа явах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн Месси энэ жил багтаа үлдэхээр болсон. Өдгөө 33 настай Аргентин эрийн багтайгаа байгуулсан гэрээ нь ирэх жил дуусах бөгөөд үлдсэн нэг жилийн гэрээнийхээ хугацаанд тэрбээр нийт 92 сая ам.долларын цалин авах юм.
Форбс сэтгүүлийн мэдээлж буйгаар Лионель Месси энэ жил цалин, ивээн тэтгэгчид болон зар сурталчилгаанаас нийт 126 сая ам.долларын ашиг орлого олох бол Кристиано Роналдо 117 сая ам.долларыг олох аж. Харин тэдний араас ПСЖ багийн одууд болох Неймар 96 сая ам.долларын, Килиан Мбаппе 42 сая ам.долларын ашиг орлого олох төлөвлөгөөтэй байна.
Лионель Мессигийн хувьд Adidas, Pepsi, Konami зэрэг дэлхийн томоохон компаниудтай урт хугацааны гэрээтэй ажилладаг.
Мөн тус сэтгүүлийн судалгаагаар өдгөө 21 настай Килиан Мбаппе 2022 онд одоогийн гэрээ нь дуусмагц их хэмжээний мөнгөн дүнтэй шинэ гэрээ үзэглэх гэнэ.