Д.Нямхүү: Франц иргэний биед эсрэг биет 78 хувьтай тогтсон

оруулсан Алсын Хараа

"Коронавирусээр халдварласан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд эсрэг биет илрээгүй" гэх мэдээлэл өчигдөр орой цахим орчинд тархсан. Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү албан ёсны тайлбар өглөө.

Тэрбээр, “Ийм ташаа мэдээлэл явуулж байгаа нь хамгийн хортой юм. Франц иргэн бидэнтэй холбогдоод биеийн байдал сайн, талархаж баярлаж байгаагаа байнга хэлж байгаа. Энэхүү ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан өчигдөр утсаар холбогдоход, тэрээр шинжилгээ өгөхөд эсрэг биет 78 хувь буюу дархлаа маш сайн тогтсон гэсэн хариуг Францын эмч нар өгсөн байна. Тухайн шинжилгээний хариуны зургийг бидэнд явуулсан. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар, ХӨСҮТ болон ЭМЯ-ныханд баярлаж талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байгаа. Дамжуулж өгөөрэй гэж хүссэн юм. Тиймээс ийм буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж байгаа хэрэг юм. Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлоос эмчлэн эдгэрүүлсэн 96.8 хувь гэдэг бол дэлхийд дээгүүрт яригдаж байгаа. Дэлхий даяар нэг урсгалын мэдээн дээр амжилт, алдаа оноогоо ярилцаж ажиллаж байгаа энэ үед ингэж самууруулж байгаа нь зөвхөн улс орон дотроо эвгүй байдалд оруулж байгаа бус, дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа бусармаг үйлдэл шүү гэдгийг хэлье. Тухайн хүний хувьд энэ нь сэтгэлзүйн хувьд эвгүй байдалд оруулсан мэдээлэл болж очиж байна. Иймд манай онцгой байдал, онцгой комисс, цагдаа тагнуулын ажилчид сайн ажиллах байх гэж эмч нар найдаж байна” хэмээв.

Сэтгэгдэл бичих