Хөрөнгө барьцаалахгүйгээр зээл авах боломжтой болно

оруулсан Алсын Хараа

Бичил болон жижиг, дунд бичнес эрхлэгчид үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр, авлагын баримтынхаа мэдээлэлд тулгуурлан зээл авах боломжтой болно.

Хөрөнгө барьцаалахгүйгээр хэрхэн зээл олгох санхүүгийн шинэ бүтээгдэхүүний талаар арилжааны банкууд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулахаар Монголын банкны холбоо, Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлж, ирэх 5 жилд 200 мянга гаруй бичил болон жижиг, дунд бизнес эрхэгчдийн санхүүгийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг сайжруулах юм. Анхан шатны түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хэрэглэгчийн гарт хүрэх үе шат бүрийг санхүүжүүлнэ гэсэн үг.

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт гэдэг нь санхүүгийн байгууллага тухайн зээлдэгчийн үл хөдлөх хөрөнгө бус нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг, хамтран ажилладаг томоохон худалдан авагч, борлуулагчийн зээлийн зэрэглэлийг ашиглан, богино хугацааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх шинэлэг, үр дүнтэй хэрэгсэл юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт илүү тохиомжтой. Ингэснээр бичил бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацаатай захиалга, гэрээ байгуулах цаашлаад эдийн засаг, санхүүгийн гэнэтийн хямралд илүү тэсвэртэй болохыг ОУСК-ийн Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн.

Монголын банкны холбооны тэргүүн Б.Мэдрээ хэлэхдээ, “Төсөл хэрэгжүүлснээр монголын санхүүгийн систем шинэ шатанд гарна.Тайлбарлавал, бяслаг хийж хэрэглэгчид хүргэхийн тулд бизнес эрхлэгч сүү худалдаж авч боловсруулаад, дэлгүүрт өгөх хугацааг авлагын баримтаар бие биедээ баталгаа болгож, үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй зээл авна гэсэн үг. Ингэхдээ зах зээлээ судлаад, нийлүүлэгчийн талын мэдээллийг үндэслэх учир зээлийн нөхцлүүд ч өөрчлөгдөнө. Дөнгөж эхлэл төдий явж байгаа учир цаашид хууль эрх зүйн орчин бий болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хууль батлах шаардлага байгаа" хэмээн онцлов.

Сэтгэгдэл бичих