Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжин өнөөдөр тэтгэлэг олгов.
Тус хөтөлбөр буюу “Athletes scholarship”-т гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаяр тэдэнд тэтгэлгийг олгож, спортын их амжилт хүсэв.
ОУОХ, МҮОХ, Спорт холбоод болон тамирчинтай байгуулсан энэхүү дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу дээрх тамирчдад “Бээжин-2022” өвлийн ХХII олимпын наадам хүртэл 4 сар тутамд 3000 ам.долларын мөнгөн тэтгэлэг олгох юм.
Ташрамд сонирхуулахад, Монголын цана, биатлон, тэшүүр, шорт трекийн тамирчид “Инсбрук-1964” өвлийн олимпын наадмаас эхлэн, нийт 14 удаа цагаан олимпод оролцсон түүхтэй билээ.