Коронавируст халдвартай нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдвартай нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн тухай ЭМЯ өнөөдөр /2020.09.15/ мэдээлэв.

Манай улсад коронавирусний нийт 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс хяналтад 10, гэрийн ажиглалтад 14 хүн байгаа бол 227 хүний ажиглалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор 10 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд халдвартай тохиолдол гараагүй байна.

Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 267 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн нас барсан байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт нэг мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл бичих