Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард 4.9 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлуулан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайгаагүй шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Үүнээс Улаанбаатар хотод 8 дугаар сард нийт 2.0 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлуулан орсныг Үндэсний статистикийн хорооноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр /2020.09.14/ мэдээлэв.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 0.8 (13.3%) мянга, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (29.2%) мянган хүнээр буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 8 дугаар сарын эцэст 28.0 мянга, үүнээс 18.3 (65.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй, 9.7 (34.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 (14.2%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 243 (1.3%) хүнээр өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.7 (52.8%) мянга нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 313 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 150 (47.9%) нь эмэгтэйчүүд байв.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард 4.9 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.8 (57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 96 (3.5%) хүнээр өсжээ. Бүртгүүлсэн ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь диплом болон бакалаврын дээд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуус эзэлж, энэ үзүүлэлт Төв, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Завхан, Хэнтий аймаг, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.5-8.9 пунктээр доогуур байна.