Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан талаар тус банкны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэ шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Тухайн шийдвэр, арга хэмжээ нь инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулан, улмаар сэргэлтийг дэмжих юм гэж Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Жилийн инфляц энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Нийслэлийн хэмжээнд 1.7 хувьд хүрч буурчээ. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч өнөөгийн бага түвшинд хадгалагдаж, ирэх жилүүдэд зорилтот түвшнээс давахааргүй байгаа. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, хүлээлтээс давсан огцом уналт болсон. Гэхдээ мөнгөний болон сангийн бодлогын талаарх үйл ажиллагаа, гадаад орчны сэргэлттэй холбоотой энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, ирэх онд сэргэх төлөвт шилжихээр байгаа аж.
Г.Энхтайван цааш нь ярихдаа, “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр глобал эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас тогтвортой бус байгаа ч сайжирсан төлөвтэй. Энэ нь хөрөнгийн захын үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс шалтгаалж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв нь вирусний тархалтыг хяналтдаа оруулахаас хамаарч байгаа тул тодорхой бус байдал үргэлжилж байгаа. Цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын үйл ажиллагаа нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлж ажиллана” гэлээ.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ
Бодлогын хүүг бууруулах, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгсэл нэвтрүүлэх тухай
Дугаар: 2020/05
Огноо: 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуралдан (1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; (2) урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Тухайн шийдвэр, арга хэмжээ нь инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулан, улмаар сэргэлтийг дэмжинэ.
Жилийн инфляц 2020 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.7 хувьд хүрч буурав. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, өнөөгийн бага түвшинд хадгалагдаж, ирэх жилүүдэд зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, хүлээлтээс давсан огцом уналт боллоо. Гэхдээ мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, ирэх онд сэргэх төлөвт шилжихээр байна.
“КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр глобал эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас тогтвортой бус байгаа ч сайжирсан төлөвтэй байгаа. Энэ нь хөрөнгийн захын үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв нь вирусийн тархалтыг хяналтандаа оруулахаас хамаарч байгаа тул тодорхой бус байдал өндөр хэвээр байна. “КОВИД-19” цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч ажиллана.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО