УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар тусгаарлах байрны үйл ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Тодруулбал, тусгаарлаад буй иргэд хоорондын эерэг харилцааг төлөвшүүлэх, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, тусгаарлагдах 21 хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлэх арга туршлагыг иргэдэд сурталчлах талаар ярилцав. Мөн тусгаарлах байртай холбоотой мэдээллийн урсгалыг оновчтой зохион байгуулахыг үүрэг болгосон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байна.