Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ ээж нарт “Эхийн алдар” одон гардууллаа.
Хэнтий аймаг 77 мянган хүн амтай бөгөөд тус аймгаас энэ жил 292 ээж "Эхийн алдар" одон хүртлээ. Үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 20, Хоёрдугаар зэргийн одонг 272 ээж хүртсэн юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Ээж хүний үрдээ өгч буй хайр, энэрлийг юугаар ч орлуулж болдоггүйн адил ээжийгээ гэсэн үрийн сэтгэлийг ямар ч сайхан, уран үгээр гүйцэд илэрхийлэхэд хэцүү. Гэхдээ хүн бүрийн ээждээ хэлж амжаагүй үг, илэрхийлж чадаагүй сэтгэлийг эвлүүлэн нэгтгэж, 6 ба 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг, хоёрдугаар зэргийн “Эхийн алдар” одон гардуулж, хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалыг үргэлжлүүлж, 2020 онд улсын хэмжээнд 10 мянга 677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлуулж, нэг сарын өмнөөс үе шаттай гардуулж байна.
Хэзээнээс хүн ам цөөтэй байсан Монгол Улс хүн амаа өсгөх бодлогоо тууштай баримталж, үүндээ хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэх ёстой. Нийгмийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулж, боловсролтой, зөв хандлагатай монгол хүн болгон хүмүүжүүлэхэд нь монголын төр ээжүүдээ бүх боломжоороо туслах учиртай. Эхчүүдийг дэмжинэ гэдэг монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг юм. Миний бие энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” гэв.