Унгарын хөл бөмбөгийн мэргэжлийн дээд лигт тоглож байгаа Г.Ганбаяр "Пушкаш академи"-ийн албан ёсны хуудсанд ярилцлага өгчээ.
Тэрбээр: “Пушкаш академи аль эрт миний 2 дахь гэр болсон. Унгарт ирээд 4 жил болсон энэ хугацаанд багийн хамт олондоо маш их дасаж, дотно болсон. Багийнхаа нэг хэсэг болсон маань их сайхан санагддаг. Би бүгдтэй дотно сайхан харилцаатай, бас тэдэндээ хайртай. Өнгөрсөн жил 3 дугаар лигт нэг хэсэг орж тоглосон. Харин 2 дугаар лигт 6-7 удаа тоглож байгаад манай 1 дүгээр багт тоглогч хэрэгтэй учраас намайг дуудаж Дээд лигт тоглож байна.
Дээд лигийн эхний тоглолтдоо гайгүй сайн тоглосон гэж боддог. Учир нь дасгалжуулагч намайг болж байна гэсэн. Бүр илүү сайн тоглох боломж, нөөц надад бий. Илүү олон тоглолтод оролцоод ирэхээр илүү сайн тоглоно гэж зорьж, бодож байгаа. Эхний 2 тойргоос бид 6 оноо авсан. Дараагийн тойрогт “Фахервар”-ын эсрэг тоглоно. Мэдээж хүнд тоглолт болно. Гэхдээ их сандрахгүй, бас айхгүй байгаа. Миний бодлоор энэ тоглолтоос бид 3 оноо авах байх. “Фахервар”-тай тоглоход би 10 дугаартай байрлалд тоглоно. Би довтолж тоглох дуртай. Миний хувьд довтолгоог зохион байгуулах, хамгаалалтад багийнхандаа туслах үүрэгтэй. Ер нь л довтлох, гоол оруулах ёстой. Гоолын дамжуулалт өгөх нь надад чухал, миний үүрэг” хэмээн ярьсан байна.