ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид энэ сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1 816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Халдвартай иргэн ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна. Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажуулжээ.
Ингэснээр манай улсад коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 298 нь эдгэрээд байна. Сувилалд 9 хүн, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 13 хүн эмчлүүлж байгаагаас 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 нь хүндэвтэр байна.