Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад 9 дүгээр сарын 15-16-нд албан ёсоор айлчилна.
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт бараалхана. Энэ үеэр хийх уулзалт, хэлэлцээгээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгаж, баримт бичигт газрын үсэг зурна. Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах зорилго бүхий албан ёсны айлчлалын үеэр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ч санал солилцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилж, найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлж байсан бол, манай улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй нөхцөлд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлах гэж буйгаараа онцлог юм.
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар Айлчлалын талаар өнөөдөр болсон хэвлэлийн үеэр мэдээлэхдээ, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг манай хоёр улс тогтмол хэрэгжүүлж ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөж байсан олон арга хэмжээг хойшлуулж, цуцалсан. БНХАУ цар тахлыг хяналтдаа авсан, манай улс дотооддоо алдаагүй тул өндөр түвшний айлчлал хийж байгаа. Айлчлалаар эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэх, БНХАУ-д экспортлох уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний хэмжээг ахиулах, хилийн боомтуудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцана. Дэлхийн улс орнууд цар тахлын шинэ нөхцөл байдалтай дасан зохицож, гадаад айлчлал, олон талт уулзалтуудыг идэвхжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сард Европын орнуудад айлчилсан. Монгол Улсад айлчлахаасаа өмнө ОХУ, Казахстан, Киргизид айлчилна” гэж мэдээлэв.
Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуулжээ.