Ковид-19 цар тахлын үед эх орондоо ирэх хүсэлтэй ч хилийн чанадад хүнд байдалд орсон 15 иргэний зардлыг даана.
Энэ сарын 14-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирэх тэдгээр иргэний онгоцны тийз болон хорио цээрийн тусгаарлалтад байрлах хугацааны бүх зардлыг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргах аж.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Гадаад харилцааны яаманд өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хандивын хөрөнгөөр хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон монголчууддаа туслахаар 300 сая төгрөг шийдвэрлэсэн. Үүнийг тусламж нэн шаардлагатай иргэнд өгөхөд анхаарч байна. Тусгай нислэгт нэр нь орсон ч санхүүгийн боломжгүйн улмаас онгоцны тийзээ авч чадаагүй 142 хүн бий. Энэ оны 4 дүгээр сараас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж, 215 иргэний эх орондоо ирэх болон тусгаарлах байрны зардлыг гаргуулсан. Дахин 80 хүнийг хамруулна. Аль болох олон иргэнд оновчтой хүрч үйлчлэн, бүх шаардлагыг хангасан материал бүрдүүлсний үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа”-г мэдээлэв.