Коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч А.Михнев нар өнөөдөр гарын үсэг зурав.
"Онцгой байдлын дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэхээс гадна цар тахлын үед хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэх аж. Харин нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг короновирусний халдварын онцгой нөхцөлд ажиллаж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зарцуулах юм.
"Өнгөрсөн хугацаанд аль болох урт хугацаатай, хүү багатай, эргээд төсөвт дарамт болохгүй арга хэлбэрийг эрэлхийлж ирсэн. Энэ зээл нь жилийн 1,25 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйг" Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурдав.
Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч А. Михнев хэлэхдээ, “Нэг сая ам.долларын буцалтгүй тусламж нь Дэлхийн банкны онцгой цар тахлын үед хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс Монгол Улсад олгож буй санхүүжилт учир цар тахлын үед ажиллаж байгаа ажилчдад зориулсан халдвараас сэргийлэх хэрэгслүүд, шаардлагатай үед хэрэглэх эм тарианд зарцуулах юм. Хорин сая ам.долларын зээл нь нийгэм хамгааллын салбарт зориулагдана. Өмнө хийж байсан ажлын үргэлжлэл гэж ойлгож болно" хэмээв.
"Дэлхийн банк бол манай улсын хамгийн том хамтрагч байгууллагын нэг. Ядуурлын судалгаа гаргахад хамтарч ажилладаг. Монгол Улсын ядуурал 2018 онд 28.4 хувьтай байсан. Энэ оны түвшинг гаргахаар мэдээлэл цуглуулж байна. Тоон мэдээлэл дээр анализ хийж, e-job платформ нэвтрүүлнэ. Гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа. Үүнд хүүхэд, залуусын эзлэх хувь өндөр байдаг. Ирэх дөрвөн жилд ХНХЯ халамжаас татгалзаж хөдөлмөр лүү шилжих зорилт тавьж байгаа. Халамжаас гарахын тулд хөдөлмөр эрхлэх ёстой. Энэ чиглэлд хөнгөлөлттэй зээлийг зарцуулах учир үр шимийг нь ядуу өрх, залуус хүртэнэ" гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа онцоллоо.