ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуус санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанк Залууст санхүүгийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талуудын хамтын ажиллагааны үр дүнд залуусын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлснээр тэдний санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх мэдлэг, чадварыг дэмжих шинэ боломжийг бий болгох аж.

Уг санамж бичгийн хүрээнд хувь хүний санхүүгийн боловсрол олгох амьдрах ухааны хөтөлбөрийг хамтран боловсруулах, санхүүгийн сургагч багш нарыг бэлтгэх, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага,  багшийн ном, сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүнийг боловсруулж, түгээх зэрэг ажлууд хийгдэнэ.

 

 

Сэтгэгдэл бичих