Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн улирлын 2020 оны хоёр дахь "Их дуулга" тэмцээн /2020.09.02/ эхэллээ.
Энэхүү Унгарын "Их дуулга" тэмцээнд Монголын "Улаанбаатар ММС Энержи" баг хүчээ сорьж байгаа юм. Манай баг “B” хэсгийн эхний тоглолтоо урд шөнө дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Сербийн “Нови Сад” /NOVISAD/ багтай хийж 21:6 оноогоор ялагдсан байна.
Харин Чехийн шигшээ “Хумполец” /HUMPOLEC/ багийг 20:15 харьцаатай хожсон юм. Ийнхүү "Улаанбаатар ММС Энержи" тав дахь удаагаа "Их дуулга" тэмцээний шилдэг наймд буюу хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.
Манай баг өнөө шөнө 23 цаг 15 минутаас сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын Нью-Йорк хотын “Харлем” багтай тоглох юм.
Өмнө нь тэд Чежүгийн дэлхийн Гран при-д хэсгийн шатанд учраа таарч тоглоход Монголын баг хожигдож байсан юм. Гэхдээ тус тэмцээнд манай баг хэсгээсээ хоёроос гарч, тус тэмцээнд түрүүлж байлаа.