ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 484 хүний сорьцод шинжилгээ хийснээс хоёр хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлын үеэр мэдээллээ.
Халдвартай иргэд 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй бөгөөд давтан шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тэд 8 дугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр иржээ.
Мөн коронавируст халдвартай 38 настай эрэгтэй хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад өнөөдөр шилжиж байна.
Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан 306 тохиолдол бүртгэгдсэнээс 296 хүн буюу 96.7 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 21 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 40 хүн байгаа бол 229 хүний тандалт судалгаа дуусжээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 10 хүний биеийн байдал хөнгөн байна. Нийт 28 хүн ХӨСҮТ-д ажиглалт тандалтад байна.
Өчигдрийн шинжилгээнд 8 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 267 хүн /давтан/, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан долоон хүн /давтан/, тусгаарлан ажиглах байранд буй 9 хүн /давтан/, Дорноговь аймагт тусгаарлагдаж буй 75 хүн /давтан/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдаж буй 79 /давтан/, сувиллын ажиглалтад буй 16 хүн /давтан/, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.