ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 318 хүний сорьцод шинжилгээ хийснээс гурван хүнд коронавирус илэрчээ.
Халдвартай хүмүүс 8 дугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 60 настай эмэгтэй, 58 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй нарын шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан 304 тохиолдол бүртгэгдэж 295 хүн эдгэрчээ. Үүнээс 29 хүн сувилалд, 40 хүн гэрээр ажиглалтад байгаа бол 226 хүний тандалт судалгаа дуусжээ.
Бусад шинжилгээнд 8 дугаар сарын 20-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгийн 263 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмч ажилчид 3 хүн, тандалтын зорилгоор 3 хүний анхан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6, сувилалд тусгаарлагдсан 11, тусгаарлан ажиглалтад байгаа 7 хүний давтан шинжилгээнд халдваргүй гарчээ.
“Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 9 хүний биеийн байдал хөнгөн байна. Нийт 30 хүн ХӨСҮТ-д ажиглалт тандалтад байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хурлын үеэр мэдээллээ.
Сонсох хувилбар:
Lego boyz Moogey · MONTSAME Audio news