УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, төсвийн тодотголыг төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эмийн чанар, аюулгүй байдлын талаар санал хэлж, үүнийгээ нэгдсэн хуралдаанд танилцуулах Байнгын хорооны санал, дүгнэлтэд оруулах хүсэлтээ илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэн аль ч шатны эмнэлэгт очвол авсан бүх эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө хувиасаа төлөх зохицуулалтыг онцлоод, ажлын байр хомс байдаг хөдөө орон нутгийн иргэд болон малчид, хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс хүнд байдалд орох эрсдлийг тооцох ёстой хэмээв. Энэхүү хуулийн үйлчлэл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр төсөлд туссан байгаа бөгөөд энэ зохицуулалтад анхаарах, эс бөгөөс төслийн энэ зохицуулалтын талаар сурталчилгаа мэдээллийг иргэдэд өргөн хэлбэрээр түгээн, тэдэнд холбогдох арга хэмжээ авах боломжийг олгох үүднээс хэрэгжилтийн хугацааг хойшлуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргах шаардлагагүй хэмээн Төсвийн байнгын хорооны гишүүд үзсэн тул дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Мөн хуралдаанаар, төсвийн тодотголын төсөл буюу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг, танилцуулгын хамт хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан. Гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.