Японы Ерөнхий сайд Абэ Шинзо огцрох шийдвэрээ эрх баригч эвсэлд мэдэгдлээ гэж “Киодо” агентлаг мэдээлэв. Тэрбээр залгамжлагчийг нь тодруулах сонгууль хүртэл Засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэнэ.
Японы Ерөнхий сайдын эрүүл мэндийн байдал дордсон талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан билээ. Абэ бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бөгөөд энэ өвчин нь 2007 онд албан тушаалаасаа огцрох шалтгаан болж байв. Гэсэн хэдий ч хожим нь түүний биеийн байдал сайжирч, тэрбээр 2012 онд Ерөнхий сайдаар дахин сонгогдсон юм.
Абэ Японы Засгийн газрын тэргүүний албыг хамгийн удаан хашсан хүнээр тодорсон бөгөөд наймдугаар сарын 24-нд буюу өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайдаар тасралтгүй ажилласан 2798 дахь өдөр тохиосон билээ.
Японы Ерөнхий сайд сүүлийн хоёр долоо хоногт хоёр ч удаа эмнэлэгт үзүүлснээр түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд орсон юм.
Абэ Шинзо бол удам дамжсан улстөрч юм. Түүний эцэг Абэ Шинтаро /1924-1991/ 1982-1986 онд Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан бол өвөө Нобүсүкэ Киши нь /1896-1987/ 1957-1990 онд Японы Ерөнхий сайд байжээ.
Тэрбээр Япон-ОХУ-ын харилцааг сайжруулахын төлөө байсныг тоймчид онцлон тэмдэглэж байна. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахаар төлөвлөж буйгаа Абэ нэг бус удаа мэдэгдсэн билээ. Эдийн засгийн салбарын хувьд тэрбээр "abenomics" гэж нэрлэх болсон бодлогоороо, мөн хэрэглээний татварыг 10 хувьд хүргэж нэмэгдүүлсэн гэдгээр дурсагдан үлдэнэ.