ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Энэ сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 259 хүн /давтан/, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолооч, гадаад улсад явах хүсэлт гаргасан 13 хүн, тусгаарлах байранд ажиллаж буй 19 эмч, ажилтан, тандалтын зорилгоор цуглуулсан 5 сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүн /давтан/, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүн /давтан/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн /давтан/, сувиллын ажиглалтад байгаа 14 хүн /давтан/, тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүн /давтан/-ий шинжилгээний хариу халдваргүй гарчээ.
Манай улсад коронавирусний батлагдсан 301 тохиолдол бүртгэгдэж 291 буюу 96.6 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35 хүн байгаа бол 223 хүний тандалт, судалгаа, ажиглалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн оноштой байна. Нийт 32 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байгаа юм.
Мөн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Манай улсын хувьд тусгаарлалтад 269 хүн шинээр орж, 254 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжсэн. Одоогоор 3722 хүн ажиглан тусгаарлах байранд байна. Эдгээрт 38 их эмч, 100 резидент эмч, 92 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 55 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээрт 15 их эмч, 30 асрагч, сувилагч тусламж үзүүлж байна” гэж мэдээллээ.