Монголбанкнаас өнөөдөр санхүүгийн тогтвортой байдлын талаар мэдээлэл хийсэн.
Тэгвэл ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах эсэх тухай Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Монголбанк, Сангийн яам, УИХ-аас баталсан хууль, холбогдох тогтоолын дагуу орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгосон зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийт ипотекийн 73 мянган зээлдэгчээс 38 мянга нь төлбөрийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаанд буюу аравдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулсан. Үлдсэн зээлдэгчдийн хувьд хүүгийнх нь зөрүүг олгохоор болж байгаа.
Одоогоор бидний хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хугацаа дуусаагүй байгаа тул ипотекийн зээл төлөлтийн хугацааг дахин сунгах эсэх талаар хэлэх боломжгүй байна. Аравдугаар сарын 31-н хүртэл эдийн засгийн нөхцөл байдал ямар байх вэ, зээлдэгчдийн хувьд ямар хүндрэлүүд гарах вэ гэдгийг харгалзаж байж дараагийн шийдвэрийг гаргана" гэсэн юм.
Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийн хүрээнд 2020 оны долдугаар сарын байдлаар 75 мянган гаруй зээлдэгчийн 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийг хугацааг сунгасан байна.
Эх сурвалж: www.polit.mn