УОК-ын дарга 9 дүгээр сард үйлдэх тусгай нислэгийн хуваарь баталсныг УОК-ын Шуурхай штабаас танилцууллаа.
Ирэх сард Сөүл рүү 3, Франкфурт руу 2, Токио руу 2, Хонконг руу 2, Истанбул, Сидней, Сиэтл хотууд руу тус бүр 1 буюу нийт 7 чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэж урьдчилсан байдлаар 3120 иргэнээ эх оронд нь авчрах аж.
Тодруулбал,
9 дүгээр сарын 3-нд Сөүл
9 дүгээр сарын 8-нд Хонконг
9 дүгээр сарын 9-нд Токио
9 дүгээр сарын 14-нд Франкфурт
9 дүгээр сарын 15-нд Сөүл
9 дүгээр сарын 17-нд Хонконг
9 дүгээр сарын 18-нд Истанбул
9 дүгээр сарын 21-нд Токио
9 дүгээр сарын 23-нд Франкфурт
9 дүгээр сарын 24-нд Сөүл
9 дүгээр сарын 25-нд Сидней
9 дүгээр сарын 28-нд Сиэтл хот руу тус тус нисэх хуваарь гарсан бөгөөд тусгаарлах байрны нөөц бололцоотой уялдуулан нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдгийг Шуурхай штабаас онцлов.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Зарим тусгаарлах байр дахин тусгаарлах байрны зориулалтаар ажиллах боломжгүй гэдгээ УОК-ын Шуурхай штабт мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд 62 удаагийн тусгай нислэгээр манай улсад 183 гадаадын иргэн ирсэн. Өнөөдрийн байдлаар 400 гаруй гадаадын иргэн Монголд ирэх хүсэлтээ ГХЯ-нд уламжлаад байна. Иймд УОК-ын зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл рүү тусгай нислэг үйлдэж, зөвхөн гадаадын иргэдийг авчрах бөгөөд тухайн нислэгээр 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна. Тусгаарлах байрны хүрэлцээ муу байгаа учир энэ удаагийн нислэгт монгол иргэдийг хамруулаагүй. Сөүл дэх ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан 4500 гаруй иргэн байгаа бөгөөд 9 дүгээр сард хийх нислэгийн тоог гурав болгон нэмэгдүүлсэн. Тусгаарлах байрны нөөц нэмэгдсэн тохиолдол шаардлагатай чиглэлд нэмж нислэг үйлдэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.
Мөн энэ сард Хонконг руу 2 удаагийн нислэг нэмэлтээр үйлдэх ба уг нислэгээр АНУ, Австрали, Канад, Зүүн өмнөд Азийн орнуудаас иргэдээ татан авах боломж бүрдэж буй юм.
Өнөөдрийн байдлаар, гадаадын 48 улсаас 12 409 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.
Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш манай улс нийт 62 удаагийн тусгай нислэг болон Алтанбулаг, Замын-Үүд боомтоор 19 437 иргэнээ татан аваад байна. Үүнээс 12 976 иргэнийг онгоцоор татан авсны дотор эрүүл мэндийн шалтгаантай 1336, бага насны хүүхэдтэй 2046, хөгжлийн бэрхшээлтэй 317, 44 өндөр настан, 503 жирэмсэн эх болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай буюу санхүү, орон байрны хүндрэлд орсон, богино хугацааны визтэй 7547 иргэнээ авчирчээ.